• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

Д.АНГАР: ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ КОМПАНИУД IPO ХИЙХ БОЛОМЖ НЭЭГДСЭН

2015-05-08 14:38:22
Монголын хөрөнгийн бирж бүртгэлийн журмаа шинэчлэн баталж, Монголд бүртгэлтэй хувьцаат компани гадаад улсад давхар бүртгүүлэх, хувьцаат компанийн бүртгэлийн босго өндөртэй  I, II ангилал дээр  III ангилалыг нэмж бий болгосноор  жижиг дунд бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг нээж өгчээ. Энэ талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангартай ярилцлаа.

-Жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох  боломж бүрдсэн гэх юм. Энэ талаарх мэдээллийг өгөөч?

-Өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж томоохон компаниудыг IPO хийлгэх бодлогыг баримталж ирснийг анзаарсан. Гэтэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдгээр том компаниуд хөрөнгийн зах зээлд орж ирээгүй. Нэг ёсондоо энэ зах зээлд чанартай бүтээгдэхүүн байхгүй байсан гэсэн үг. Тиймээс ажлаа аваад зах зээл дээрх бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй судалж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгийн зах зээлд гаргах нь зүйтэй гэсэн бодлогыг гаргасан. Ингээд Хөрөнгийн биржийн бүртгэлийн журмыг шинэчлэх ажлыг хийж, өнгөрсөн онд МХБ-ийн ТУЗ-ын хурлаар батлуулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулснаар шинэ журам хэрэгжиж  эхэлсэн. 

- Монголын хөрөнгийн биржийн үнэт цаас бүртгэх журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Журам хоёр онцлогтой. Нэгдүгээрт, Монголын хөрөнгийн бирж хувьцааг зөвхөн хоёр ангилдаг байсан бол III ангиллын хувьцааг нэмж бий болгосон. Ингэснээр Жижиг дунд бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлд гарч хөрөнгө босгох боломж үүссэн. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаа явуулсан жил, компанийн суурь хөрөнгийн хэмжээ зэргийг шаардахгүй гэсэн үг юм. Өмнө нь шалгуур өндөр байсныг багасгаж энэ ангилалыг бий болгосон. Нөгөө нэг онцлог нь давхар бүртгэлийн асуудал. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийг гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх, арилжах боломжийг үүсгэсэн юм. Гэхдээ одоогоор МХБ-д бүртгэлтэй компаниуд гадаадын хөрөнгийн биржийн давхар бүртгүүлэх шаардлага шалгуурыг хангаж чадахгүй байгаа нь боломжийг хааж байна. Харин боломжтой томоохон уул уурхайн компаниуд нь өөрсдөө гадаадад очиж IPO хийгээд гарсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д Монголд стратегийн ач холбогдол бүхий орд дээр лиценз эзэмшиж байгаа компанийн 10 хувийг Монголын Хөрөнгийн биржээр арилжина гэж заасан. Тэгэхээр нэгэнт гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг давхар бүртгэх байдлаар Монголын оруулж ирэх боломжийг нээх бодлогын хүрээнд журмаа шинэчилсэн юм. 

-Журмын I, II ангиллын шалгуур нь өндөр байсан гэсэн үг үү?

-I ангилал нь 10 тэрбумаас дээш зах зээлийн үнэлгээтэй компани бүртгүүлэх боломжтой байсан. Нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд арилжаалах, хоёроос доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх зэрэг шалгуур нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд өндөр босго болж байсан юм. Харин III ангилалыг бий болгосноор төсөл болон шинээр бизнес эхлэж байгаа компаниудыг хүртэл санхүүжүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн үнэт цаас, хувьцааг бүртгэх хугацааг 60 хоног байсныг шинэ журмаар 20 хоног болгож багасгасан ба үнэт цаас гаргахад зарцуулдаг байсан зардлыг 50 хувиар бууруулаад байна. Тиймээс өөрийнхөө бизнесийг амжилттай явна гэсэн итгэлтэй байгаа компани, үнэт цаасаа олон нийтэд сурталчилж,  хөрөнгө оруулагчдад таниулж чадвал хөрөнгө босгох боломж нээлттэй болсон гэсэн үг.

-Хөрөнгө оруулалт нь гацсан, шинээр эхэлж буй ямарч хувьцаат компанид нээлттэй гэсэн үг үү?

Компанийн хөрөнгийн доод хэмжээг III ангилалд заагаагүй. Гэхдээ ямарч хяналт, шалгалтгүйгээр хувьцаагаа оруулж ирнэ гэсэн үг биш. Үнэт цаас хувьцаагаа гаргасны дараа хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах, компаниудын засаглалын кодекс, мэдээллийг ил тод байлгах шалгуур хэвээрээ байгаа. 

-Одоогоор хэдэн компани хувьцаагаа гаргах сонирхолтой байгаа бэ?

Саяхан Засгийн газрын үнэт цаас гэсэн шинэ бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн. Энэ үнэт цаас нь өгөөж өндөртэй байсан учир хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байгаа нь харагдлаа. Үүний жишээ нь 6-гаас 7-н сарын хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан. Тэгэхээр ашигтай бизнес байх юм бол хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байна гэсэн үг. Хөрөнгийн биржийн зүгээс хувьцаа гаргах дээр Андеррайтерийн компаниудыг дэмжиж ажиллах бодлого барьж байна. Сая дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 4-ний өдрүүдэд МХБ, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үнэт цаас гаргах тухай мэргэжлийн зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт семинарыг зохион байгуулсан. Тус сургалт семинарт Монголын үндэсний үйлдвэрлэгч 10 гаруй компанийн төлөөлөл оролцсон. Харин өнөөдөр үнэт цаас гаргах сонирхол бүхий компаниуд өөрийн төсөл болон үйл ажиллагааны танилцуулгыг МХБ-ийн гишүүн андеррайтерийн компаниудад танилцуулж, зөвлөмж авлаа. Тэдний сонирхлыг татсан. Зарим нь гэрээ хийж судлахаар болсон. Хөрөнгийн биржийн зүгээс үнэт цаас гаргахад ямар бэрхшээл учирч байгааг өөрсдийн хэмжээнд шийдэх бодлогыг барьж байна. Энэ онд 10 компанийг IPO, FPO /нэмж хувьцаа гаргах/, компанийн бонд гаргуулах зорилтыг тавин ажиллаж байна.

Цаашдаа Хөрөнгийн бирж зах зээлийг идэвхжүүлэх ямар бодлого, чиглэлтэй ажиллах вэ?

Засгийн газрын үнэт цаас зах зээлд нэвтэрснээр хөрөнгө оруулагчдын идэвх эрс нэмэгдэж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулхад 20 дахин нэмэгдэж 1.1 тэрбум төгрөг болсон байна. Үүний үр дүнд арилжааны үнийн дүн эрс өссөн. Түүхэндээ анх удаа хөрөнгийн бирж энэ дөрөвдүгээр сард 55 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан. Хамгийн өндөр үзүүлэлт. Энэ оны эхний дөрвөн сар дарааллан Хөрөнгийн бирж ашигтай ажилласан. Энэ нь арилжаа сэргэж байна гэсэн үг. Хөрөнгийн бирж үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдыг дэмжих зорилгыг баримталж байгаа. Цаашдаа хувьцааны арилжааны шимтгэлээ тодорхой хугацаанд бууруулахаар болсон. 0.15 хувь хүртэл бууруулахаар журамдаа өөрчлөлт оруулсан. Биржийн ТУЗ энэ саналыг минь дэмжиж баталсан байгаа. Арилжааны шимтгэл буурна гэдэг үнэт цаас гаргаж арилжих гэж байгаа этгээд болоод хөрөнгө оруулагчдаа дэмжих бодит дэмжлэг юм. Хөрөнгийн бирж дээр олон компани ирж байна. Үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлээ амилуулая гэсэн нэгдсэн бодлоготой байгаа бөгөөд ажлын үр дүн нь эхнээсээ гарч эхэлж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ