Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, цан цохих ёслол зохион байгуулагдлаа.
Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын удирдлагууд, ахмадууд, үе үеийн албан хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хэлэхдээ:
"Юуны өмнө энд хуран цугласан эрхэм хүндэт зочид та бүхэнд Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний түүхт 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
1991 онд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн шилжилтийн үйл явцтай зэрэгцэн Монгол Улсын Засгийн газраас 1991 оны 1 дvгээр сарын 18-ны өдөр 22 тоот тогтоол гарган улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан.
Улмаар Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хэлбэрээр эзэмшүүлсний үр дүнд тухайн үедээ МУ-ын нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд 1992 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Монголын хөрөнгийн биржид Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэлсэн түүхтэй.
Үүнээс 3 жилийн дараа 1995 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээр МХБ-ийн санхүүжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерын пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болгон зохион байгуулсан. Тэр цагаас хойш 30 жил өнгөрсөн байна.
Хоёрдогч зах зээлийн анхны арилжаа нээсэн 1995 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Монгол эд импекс” ХК-ийн 100 ширхэг хувьцааг “Санар” брокерын пүүс худалдах захиалга өгч, “Мэргэн санаа” брокерын пүүс худалдан авснаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Тэр цагаас хойш өнгөрсөн он жилүүдэд МХБ нь түүхэн хөгжлийн шатуудыг дамжин, өнөөдөртэй золголоо.
-
Энэ хугацаанд Монголын хөрөнгийн бирж 2024.08.27-ны өдрийг хүртэл 7532 өдрийн арилжааг тасралтгүй, амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд зөвхөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 2 их наяд, 14.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 4 тэрбум 859.5 сая ширхэг хувьцааг арилжаалж, зах зээлийн үнэлгээ тасралтгүй өсч, 12,22 их наяд төгрөгт хүрсэн байна.
Ингээд Монголын хөрөнгийн биржид үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн түүхт өдрийг тохиолдуулан өнгөрсөн он жилүүдийн турш бидэнтэй хамт зэрэгцэн хөгжсөн Монголын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн оролцогч байгууллагууд болон, бүхий л брокерууддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж цан цохих ёслол нээснийг мэдэгдье” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц:
“Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бэлэн мөнгөний арилжаа эхэлсний 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. 1991 онд манай улсад өмч хувьчлалын ажил явагдаж иргэд цэнхэр тасалбараа хувьцаа болгож авах ажлыг тэр үеийн 29 брокерын пүүс хийсэн байдаг. 1994 оны 11 сард МУ-ын хөрөнгийн зах зээлийг зохицуулах Үнэт цаасны тухай анхны хууль батлагдаж, хөрөнгийн зах зээлийг зохицуулах чиг үүрэг бүхий Үнэт цаасны хороо байгуулагдаж байсан түүхтэй. Ингээд хуультай, арилжаа эрхлэх байгууллага, зохицуулагч байгууллага, мэргэжлийн брокеруудтай ийм сонгодог зах зээл 1995 оноос эхэлсэн. Өнөөдөр МУ-д хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчид санхүүгийн хэрэгслийг хоёрдогч зах зээл сонгодог утгаараа арилжиж эхэлсний 30 жилийн ойн өдөр тохиож байгаагаараа маш ач холбогдолтой өдөр юм.
Өнгөрсөн 30 жил Монголын хөрөнгийн бирж дээр арилжаанд оролцдог мэргэжлийн андеррайтерууд, диллерүүд, хөрөнгө оруулалтын сан, түүний менежерүүд, мэргэжлийн бүх оролцогчдод та бүхэндээ онцгойлон баяр хүргээд, хөрөнгийн зах зээлийн дараагийн 30 жилийн хөгжлийг бүс нутгийн хэмжээнээс олон улсын түвшинд өрсөлдөхүйц зах зээл болгохын тулд зохицуулагч байгууллага, мэргэжлийн дэд бүтцийн байгууллага, зуучлагч байгууллагууд нягт хамтран ажиллах он жилүүд байх болно” хэмээн онцоллоо.
"Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Энхбат:
"Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд, нийт албан хаагчид болон тухайн үеийн брокерын пүүс, одоогийн үнэт цаасны компаниудад ажиллаж буй эрхэм төлөөллүүд та бүхэндээ үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. 30 жилийн өмнө энэ салбарын үе үеийн удирдлага, мэргэжилтнүүдийн эхлүүлж байсан ажил хөрөнгийн зах зээлд маш том реформ байсан байжээ. 1995 оны Засгийн газрын холбогдох тогтоолоор Үнэт цаасны хоёрдогч зах зээл буюу бэлэн мөнгөний арилжаа эхэлж, өнгөрсөн он жилүүдэд хөрөнгийн зах зээл Монгол Улсын нийгэм эдийн засаг, гадаад дотоод хүчин зүйлээс хамаарч өсөх үедээ өсч, буурах үедээ буурч байсан ч хөгжлийн тодорхой түвшинд хүрснийг онцлохыг хүсч байна. Ирэх он жилүүдэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон дэд бүтцийн байгууллагууд болон зах зээлийн оролцогч талууд илүү нягт хамтран ажиллаж, орчин үеийн дижитал технологийн хөгжилд суурилж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжсэн, банкны салбартай өрсөлдөхүйц хэмжээний зах зээл, МУ-ын эдийн засгийн гол тулгуур болоход зорин ажиллахыг уриалж байна. Ингээд энэ танхимд хүрэлцэн ирсэн салбарын үе үеийн ахмад мэргэжилтнүүд, мөр зэрэгцэн ажиллаж буй эрхэм та бүхэндээ талархал илэрхийлье" гэв.
Үйл ажиллагааны төгсгөлд Монголын хөрөнгийн биржийн Арилжааны албаны захирал асан Б.Майцэцэг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7533 дахь удаагийн арилжааг нээх цан цохилоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ