Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53.1 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсэх буюу дор дурдсан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй болдог.
Үүнд:
-
53.1.1.нийлүүлэх, нэгтгэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах;
-
53.1.2.компани энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн;
-
53.1.3.компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан;
-
53.1.4.компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.
Мөн Компанийн тухай хуулийн 53.2 дахь заалтын дагуу Хувьцаа эзэмшигч дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 75 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа, түүнчлэн төрийн өмчийн эзэмшилд байсан компанийн хувьцааны хяналтын багцыг хувьчлан авсан тохиолдолд бусад энгийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах, мөн тус хуулийн 53.5 заасны дагуу тухайн эрх үүссэн өдрийн зах зээлийн ханшаар хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.
Нээлттэй зах зээлд компанийн ирээдүйн үнэ цэнд хөрөнгө оруулж, хувьцааг худалдан авах үйл ажиллагаа нь бүх оролцогчдод эрх тэгш үйлчлэх бөгөөд "Премиум Нэксус" ХК-ийн хувьд нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хувьцаа эзэмшлийн хэмжээ 75 хувиас дээш гарсан тул Компанийн тухай хуулийн 53.2 заасны дагуу шаардах эрх хэрэгжүүлэх сонирхолтой хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах үүрэг хүлээсэн.
Харин худалдан авах үнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр авах санал гаргаснаар бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэсэн, компанийн үнэлгээг бодитоор илэрхийлэхийг эрмэлзсэн сайн жишгийг харууллаа.
Компанийн тухай хуулийн 53.1, 53.2-т заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.
Өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигч нь эргүүлж авах тухай шаардлагыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, төрлийг заана.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



