• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

ЭМГЭНЭЛ

 

СЭМЭР ОВОГТОЙ АРИУНСАНАА 

/1985-2025/

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, бидний эрхэм нөхөр, ажлын хамтрагч С.Ариунсанаа хүнд өвчний улмаас 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр таалал төгсөж, гэр бүл, хань, үр хүүхдүүд, найз нөхөд, ажлын хамт олонд нөхөж баршгүй гарз, уй гашуу тохиолоо.

С.Ариунсанаа нь 1985 онд төрсөн, 2002 он хүртэл Нийслэлийн 1 дүгээр дунд сургуульд суралцаж, 2003 онд АНУ-ын Ашланд ахлах сургуулийг дүүргэсэн. Улмаар 2005 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Хятад хэлний орчуулагч мэргэжлээр, 2007 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Аялал жуулчлалын менежмент мэргэжлээр тус тус бакалаврын зэрэгтэй төгсөж, 2011 онд АНУ-ын Өмнөд Лос Анжелесийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр дүүргэсэн Монголын хөрөнгийн биржийн мэргэшсэн, үнэ цэнтэй мэргэжилтэн, шилдэг удирдлага байлаа.

Тэрээр анх 2008 оны 9 дүгээр сард “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д Арилжааны албаны мэргэжилтнээр ажилд орж, 2011-2023 онд Мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Зах зээлийн хөгжлийн газар, Хяналт зохицуулалтын газар, Бизнес хөгжлийн газар зэрэг газар, нэгжүүдэд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2024 оны 6 дугаар сараас Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, дэвшин ажилласан юм.

С.Ариунсанаа нь өнгөрсөн он жилүүдэд үнэт цаасны арилжааны цогц системийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, үнэт цаасны зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндсэн үйл ажиллагааны дүрэм, журмуудыг олон улсын стандартад нийцүүлж шинэчлэн найруулахад голлох үүрэгтэй ажилласан төдийгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, сайжруулах чиглэлээр өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан дотоодын хөрөнгийн зах зээлийн шилдэг мэргэжилтэн байлаа.

Түүнчлэн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах хугацаандаа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, арилжааг идэвхжүүлэх, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд онцгой анхааран ажилласан бөгөөд улс орны эдийн засагт нэн чухал нүүрсний арилжааг идэвхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.  

Тэрээр ажил, амьдралынхаа 17 жилийн түүхийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн өсөлт хөгжилтэй мөр зэрэгцүүлэн хамт бичилцсэн манай хамт олны үлгэр дуурайл, бахархал болсон эрхэм хүмүүн байв.

Монгол Улсын "Хөдөлмөрийн баатар" Пунцагийн Осорын зээ охин тэрбээр өөрийн ажил үйлсээр өвөг дээдэс, удам судрынхаа нэр төрийг өндөрт өргөж, улс орондоо нэр төртэй хөдөлмөрлөсөн нэгэн бөгөөд түүний хөдөлмөр, зүтгэлийг байгууллага хамт олон, төр засгаас өндрөөр үнэлж, тэрбээр 2018 онд Санхүүгийн зохицуулах хорооны "Жуух бичиг", 2019 онд Сангийн яамны "Санхүү банкны тэргүүний ажилтан" цол тэмдэг, 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээр шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байлаа.

С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ