"Монголын хөрөнгийн бирж" (МХБ) ХК нь "IPO mongolia 2025" арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран Монголын үндэсний ТОП 100 ААН-үүдэд зориулж, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж, эрх зүйн зохицуулалт, холбогдох журмуудын өөрчлөлт шинэчлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх “Хөрөнгийн зах зээл ба топ 100” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Үйл ажиллагааг нээж "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан хэлсэн үгэндээ:

“Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран Монголын ТОП 100 ААН-үүдээс нээлттэй компани болж, хөгжлийн дараагийн шатанд гарах чиглэлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг гарган, зохих ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Тухайлбал ТОП 100 ААН-үүдийн бонд гаргах үйл явцыг хялбаршуулсан горимоор шийдвэрлэх, бүртгэлийн процессыг хялбаршуулах, шимтгэл, бүртгэлийн хөлсний хувь хэмжээг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Өнөөдөр та бүхэнд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхийн зэрэгцээ, шинэ зах зээлд хэрхэн нэвтрэх, олон улсын зах зээлээс хэрхэн хөрөнгө оруулалт татах, урт хугацаат хөгжлийн төлөвлөгөөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг хэрхэн татах зэрэг агуулгуудын хүрээнд мэдээлэл зөвлөгөө өгөх, дотоод болон гадаад зах зээлд амжилттай IPO хийсэн компанийн бодит туршлагаас хуваалцах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо.
Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Дэд захирал Ч.Баттулга:

“Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Гурван жил тутам зохион байгуулдаг “Монголын бизнесийн орчныг сайжруулах судалгаа”-гаар зах зээлийн хүүг бууруулах, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлууд нэн тэргүүнд тавигддаг. МУ-ын санхүүгийн зах зээл дээр банкны салбар 90 орчим хувийг эзэлдэг бол бусад салбарын эзлэх хувь харьцангуй бага байна. Тиймээс томоохон бизнесүүд банкнаас зээл авахаас гадна хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломжийг ААН-үүдэд олгох чиглэлд анхаарч, энэ салбарын талаарх ойлголт мэдээллийг хүргэх чиглэлээр ТОП 100 ААН-үүдийн төлөөллүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн. МҮХАҮТ, СЗХ, МХБ, МҮЦАЭХ хамтран ТОП 100 ААН-үүдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах үйл явцыг хөнгөвчлөх, үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын орчныг боловсронгуй болгож, үнэт цаас гаргах үйл явцыг хялбаршуулах, хөрөнгийн зах зээлийн оролцогчдын хүрээг тэлэх чиглэлд ажиллаж байна” гэв.

Үүний дараа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, нөхцөл байдал” сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн Б.Энхтуул “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын өөрчлөлт, хөнгөлөлт чөлөөлөлт” сэдвээр мэдээлэл хүргэсэн бол “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн М.Энхтуяа “Биржийн бүртгэлийн үйл явц, шалгуур шаардлага, хөнгөлөлт чөлөөлөлт”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Түүнчлэн “Инвескор ББСБ” ХК-ийн Дэд захирал С.Тулга “Нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл хангах ба үүрэг хариуцлага” сэдвийн хүрээнд МХБ дээр IPO гарган, амжилттай хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн туршлагаа хуваалцахын зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гарсан гадаадын компанид нэгдэх замаар гаднын хөрөнгийн биржид бүртгүүлсэн амжилтынхаа талаар мэдээлэл хүргэснээр өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн.

Энэхүү үйл ажиллагаанд ТОП 100 ААН-үүдээс нийт 30 гаруй компанийн төлөөлөл хамрагдсан бол Өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН, “Би ди өү аудит” ХХК, Ernst & Young аудитын компани болон, “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК, “Гүүдсек ҮЦК” ХХК зэрэг андеррайтерийн компаниуд хамтран ажиллалаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



