“Монголын хөрөнгийн бирж” ХК нь хөрөнгийн зах зээлд тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлэх чиглэлээр Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТОС холбоо)-той хамтран “Тогтвортой хөрөнгийн бирж” санаачилгыг эхлүүлсэн бөгөөд “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-д БОНЗ-ын зарчмуудыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой заалтуудыг нарийвчлан тусгаж, БОНЗ-ын тайлагналын стандарт, аргачлал, сайн жишгийн талаарх мэдээлэл хүргэх сургалт, уулзалтыг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын Тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТОС холбоо), СТОУС тогтвортой байдлын чадавхийг бэхжүүлэх байгууллагатай хамтран “СТОУС-ын Тогтвортой байдлын тодруулгын стандартууд (S1, S2)-ыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сертификат бүхий цахим сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниуд болон санхүү, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт 250 гаруй оролцогч хамрагдав.
Энэхүү үйл ажиллагаа нь S1, S2 стандартын ойлголт, шаардлагыг тодорхой болгох, тогтвортой байдлын мэдээллийг үнэн зөв, нэгдсэн байдлаар ил тод тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, S2 стандартын хүрээнд уур амьсгалтай холбоотой эрсдэл, боломжийг тодорхойлох, үнэлэх чадвар олгох, байгууллагын дотоод удирдлага, стратеги, эрсдэлийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын түвшний сайн туршлага, бодит кейсүүдээс харилцан суралцах орчин бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



